Өнөөдөр өглөө Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Панамын материалуудыг ил болгосноос хойш дөрвөн сарын дараа Багамын арлуудад бүртгэлтэй оффшор данстай компаниудын баримтыг олж авснаа мэдэгдээд байна.

Саяхан болж өнгөрсөн манай улсын сонгуулийн өмнөхөн Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум, 78 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллага хамтран дэлхийн 140 орчим нөлөө бүхий улстөрчдийн нууц хөрөнгө бүхий 11.5 сая оффшор дансны нууц материалыг ил болгож, олон нийтэд зарласан нь “Панамын материал” хэмээн нэрлэгдэх болсон билээ. Тэгвэл энэ удаа манай зарим нэг улстөрчдийн оффшор дансны тухай дахин дэлгэлээ. Тодруулбал Ерөнхий сайд асан Сү.Батболдыг оффшор данстайг батлан нэрийг нь дурьдсан юм. Сонгуулийн өмнөхөн тэрбээр энэхүү асуудлыг үгүйсгэн тайлбар хийж байсан юм. 

 

Ийнхүү "The Guardian" сонинд олон улсад алдартай онцлох компани, улстөрчдийн нэрс байгааг дурьдсаны дотор Сү.Батболдын нэр байжээ. Ингэхдээ “Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийнх бөгөөд түүний захирал нь Сүхбаатарын Батболд” гэжээ.

Гэхдээ Сү.Батболдтой холбогдсон Багамын арлуудын оффшор данс нь цаг хугацааны хувьд түүнийг Засгийн газрын гишүүн болохоос өмнөх явдал байсныг мөн дурдсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын баримтанд 1997-2000 оны хооронд “Boroo Mongolia Mining Corporation Limited” нэр дээр бүртгэлтэй байсан. Гэхдээ энэ үед Сү.Батболд Засгийн газрын гишүүн байгаагүй. Харин тус компанийн захирлаар ажиллаж байжээ. Багамын арлуудад бүртгэлтэй компанийн бүртгэлээс түүний нэрийг хайхад гарч ирэхгүй. Тэрээр хэдэд жилийн өмнө Багамын баримттай холбоотой нийтэд мэдээлэл хийхдээ Boroo Mongolia Mining Corporation Limited компани Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан,  үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байдлаар явуулдаг хэмээн мэдэгдэж байжээ. 

 

 

Харин Сү.Батолдын тухайд энэ талаар ярихдаа “Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004.01.05-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн  нэрээр бүртгүүлсэн. Тухайн үед 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан. Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулсан. Энэ компани хэд хэдэн удаа Улсын шилдэг татвар төлөгч компаниар шалгарч байсан. Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан.

Тэрнээс биш оффшор компанитай ямар ч холбоогүй.Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдэж байсан билээ. 

Оффшор данс гэж юу вэ

Оффшор /offshore/ гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн утгатай үг. Энэ нь татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд  банкуудын үзүүлдэг үйлчилгээ юм. Оффшор бүсийн бизнесийн тухайд тухайн компанийн эзэн заавал тэрхүү бүс нутагтаа амьдардаггүй ч бизнес эрхлэхийг хэлдэг. Учир нь, тэнд татвар маш бага буюу огт байдаггүй, мөн нууцлал маш өндөр, төрийн хүнд суртал гэж үгүй. Тийм учраас дэлхийн улс орны томоохон бизнес эрхлэгчид, улс төрийн салбарынхан болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлийнхэн энэхүү оффшорын бүс нутгийг ихээр сонирхдог.

Тэнд татварын дарамтаас зугтсан бизнесмэнүүд компаниа байгуулан бүртгүүлж, үйл ажиллагаа явуулдаг. Мөн улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг. Түүнчлэн оффшор нь татвараас зайслхийн, мөнгө угааж, зэвсгийн наймаа, алан хядагчдын мөнгөө эргэлдүүлж санхүүгийн үйл ажиллагаанд оролцох томоохон талбар болдог аж.

Улстөрчид яагаад оффшор данс эзэмшиж болохгүй вэ

Улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг. Хамгийн гол нь энэхүү үйл ажиллагаанд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдож болохгүй. Учир нь, тэд бол улс орныхоо өмнө хариуцлага хүлээж, улс орныхоо төлөө зүтгэх ёстой хүмүүс.

Улстөрчид ард түмний татварын мөнгөөр цалинждаг, ард түмнээс итгэл хүлээсэн хүмүүс. Гэтэл улс орныхоо, татварын төлөгчдийн мөнгийг оффшор бүсэд эргэлдүүлж, ашиг хийх нь ёс зүйн талаасаа хэрхэвч байж болохгүй зүйл хэмээн шинжээчид хэлдэг.

Өнөөдөр Белиз, Багамын арал,  Хонконг, Люксембург, Швейцарь зэрэг 50 гаруй улс, оронд оффшор банк ажилладаг юм байна.

 Тэгэхээр эх орноосоо урваж, хариуцлагаас мултрахын тулд ард түмнээсээ нүүр буруулсан Сү.Батболд мэтийн улстөрчдийг эргүүлэн татвал яасан юм бэ гэдэг асуудал иргэдийн дунд хүчтэй яригдаж эхлээд байна.